АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХСАЙХАН ТУС СУМАНД АЖИЛЛАА.

Жинст сум байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан сүүлийн жилүүдэд араасаа элсэнд дарагдсан байдалтай байсан бол энэ удаад тэр их элс үгүй болжээ. Учир нь 2021 онд сумын залуу удирдлагууд ИТХ-ын дарга Д.Амарамгалан, Засаг дарга Р.Батжаргал нар ард иргэдийнхээ хамт хова машины 500 тэвш элсийг сумын төвөөс ачиж нүүлгэж, хогийн цэгтээ буулгаснаар бүх нийтийн оролцоотойгоор сумын төвийн өнгө төрхөө өөрчилж байгаа аж.

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан энэ сарын 14-ний өдөр Жинст суманд ажиллаж төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн, ард иргэдтэй уулзалт хийн аймгийн нийт ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх 3 томоохон төсөл, төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Засаг даргын бүрэлдэхүүнд Татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагва, "Шинэ өлгийн зам" ХХК-ний захирал Б.Хүрэлмөнх нар багтав.

Өнгөрөгч онуудад тус суманд 240 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн дотуур байр, 14 ортой эмнэлэг, соёлын ордон тус тус ашиглалтад орж цэцэрлэгийн барилга засварт оржээ.

Шинэ сайхан сургууль, дотуур байрандаа хүлээж авах сурагчдын тоогоо нэмэгдүүлсэн, хүүхдийн оролцоо хөгжлийг чухалчилж буйн зэрэгцээ сургуулийн удирдлага хамт олон хамран сурагчдын тоог /160-аас 240 болгож/ нэмэгдүүлсэн зэрэг үр дүнтэй ажиллаж байна.

Хотын эмнэлгүүдийн адил тохь тухтай орчин нөхцөлд өвчтөн, хэвтэн эмчлүүлэгчдээ хүлээн авдаг шинэ эмнэлэг суманд нь баригдсанд нутгийн иргэд баяртай байна.

Засаг дарга төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэрээ сургууль, дотуур байр, багийн дарга нарт шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээр болсны зэрэгцээ эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих төвийн кабинетад шаардлагатай 15,0 сая₮ өртөг бүхий төхөөрөмжүүдийг /ухаалаг самбар, компьютер бусад дагалдах хэрэгсэл/олгов.

Аймгийн Засаг дарга орон нутгийн удирдлагуудад сумынхаа ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, ажил орлогыг нэмэгдүүлэх хүрээнд аймгийн хэмжээнд байгуулах ингэний сүүний үйлдвэрийн /8-10фермтэй/ нэг нийлүүлэгч нь болж 1000 тэмээний ферм байгуулахад анхаарч, судалгаа тооцоолол, төлөвлөгөөгөө гаргаж ажиллахыг хүслээ.

Уулзалтын төгсгөлд Жинст сумын уугуул, "Шинэ өлгийн зам" ХХК-ний захирал Б.Хүрэлмөнх сумын эмнэлэгт дуслын автомат шахуурга, багийн эмч нарт даралтны аппарат гардууллаа.

2022-09-15 10:30:03