Ардын хувьсгалын дараа 1923 оны 11 дүгээр сард Засгийн газрын шийдвэрээр аймаг, хошуудыг үе улиран захирч байсан ноёдын хэргэм цолооор нэрлэж байсныг өөрчилж тус тусын газар орны уул усны нэрээр нэрлэх болсноор 1924 онд Цэцэрлэг мандал аймгийн Баянзүрх уулын хошууд байгуулсан 10 сумын нэгэн болон Тариат сумаар гарал үүслээ эхэлжээ.
1925 онд Тариат сум нь одоогийн Баянговь сумын баруун талын нутаг Гүн, Нарийнаар нэрлэгдсэн Гүн сум хоёрыг нэгтгэж Паламждорж даргатай Тариат сум, Сартах уулаар нэрлэгдсэн Сартах сум, Жинст сумын хойд талд орших Сар уулаар нэрлэгдсэн Сар сум хоёрыг нэгтгэж Г.Гэндэндорж даргатай Сар сум болжээ.
1930 оны тавдугаар сард одоогийн Жинст сумын нутагт зохион байгуулагдан оршиж байсан Тариат, Сар, Хөвших сумуудыг орон нутгийн Засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр нэгтгэж Баянзүрх уулын хошуудын Нарийн хар сум нэртэй болж сумын даргаар Базарын Цэрэндулам гэдэг эмэгтэйг сонгожээ.Нарийн хар сум нь 1931 онд Өвөрхангай аймагт харъяалагдах болсон.1933 онд Өвөрхангай аймгийн яамнаас сумдын тамга тэмдгийг шилжүүлэхэд Нарийн хар сумыг Жинст сум нэртэй болгожээ.
1941 онд Говьбөмбөгөр аймаг /одоогийн Баянхонгор/ байгуулагдахад Өвөрхангай аймгаас нутгийн харъяалалаар шилжиж ирсэн таван сумын нэг нь Жинст сум юм.
БНМАУ-ын Арлын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1957 оны 7-р сарын 23-ны өдрийн 115 дугаар зарлигаар Жинст сумыг татан буулгаж Богд сумтай нийлүүлсэн бөгөөд 1.2.3-р багийг Богд суманд 5.6 –р багийхан “Бүтээлч” нэгдлийн хамт Өлзийт суманд шилжиж байв.
1959 онд олон түмний саналаар Жинст сумыг дахин байгуулахад 403 өрх 1305 хүн амтай , 81621 толгой малтай сум болжээ.
Жинст сум нь 1924 оноос хойш тариат, Нарийн хар, Бодид 1944 он хүртэл Хүйсийн голд 1944-1957 онуудад, 1957 оноос эргэж Бодийн дэнжид суурьшсан байна.
Их Богд уулын зүүн хойд хэсэгт Түйн голын хөвөөнд оршдог.
Сумын эдэлбэр газар нь 531.2 мянган хавтгай дөрвөлжин километр талбайтай, үүнээс 99.2 га нь хөдөө аж ахуйн эдэлбэр талбай юм.
Түйн гол сумын нутгийн дундуур 60 км үргэлжлэн урсдаг. Таван зуугаад өвөлжөө, хаваржаатай. Нарийн харын нуруу, Хонгорын тал, Хүйс, Хөнөгийн хоолой, Тэвшийн хүрэн, бургас, улиас ургасан Хавцгайтын хавцал, Жинст, Зүрх хайрхан зэрэг үзэсгэлэнт үржил шимт нутагтай.
Сумын төв нь Улаанбаатар хотоос 780 км, аймгийн төвөөс 100 км зайтай. Бодийн дэнж дээр байрладаг. Бодийн дэнж нь түүхэн домогтой газрын нэг юм.
Зэрэглээ мяралзсан Хонгорын талдаа
Зээрийн янзага шиг торолзсон
Бодийн борхон толгой минь
Боссон ч суусан ч харагдана. /Ч.Цэрэн “Ингэн буйлаантай нутаг”/
2023-11-02 17:25:30